"Оюу толгой" ХХК-ийн зохион байгуулж буй "Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018" Буянт-Ухаа спортын ордонд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь Монгол Улсын хөгжил дэвшил, уул уурхайн салбарт оруулж буй Оюу толгойн хувь нэмрийг таниулах, ханган нийлүүлэгчид болон сонирхсон аж ахуйн нэгж, хувь хүмүүст Оюу толгой компанитай хамтран ажиллах суурь шаардлагууд болох аюулгүй ажиллагааны соёл, бизнесийн ёс зүйн зарчмуудыг танилцуулах сургалтууд зохион байгуулах зорилготой юм. Үзэсгэлэнгээр Оюу толгой компанитай хамтран ажилладаг ханган нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд бизнесийн харилцаа тогтоох, харилцан туршлага солилцох боломжтой. Тус арга хэмжээнд 130 гаруй ханган нийлүүлэгч, 1,700 гаруй оролцогч оролцож байна.
Tрансвест Монголиа ХХК нь Оюу Толгой компанитай нягт хамтын ажиллагаатай байдаг бөгөөд 2013 онд Оюу Толгой компанийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч байсан билээ.